Жагсагчид: Нэг бол Америк унана, эсвэл Д.Трамп түрүүлж унана
Анд нөхдийн мэдээ
2025-05-02
Тавдугаар сарын 1 буюу Хөдөлмөрчдийн баярын өдрөөр АНУ-ын томоохон хотуудад ерөнхийлөгч Дональд Трампыг эсэргүүцсэн жагсаал болов. Жагсагчид Д.Трампыг цагаачдыг хууль зөрчин албадан гаргаж, Канад, Панам, Гренландыг өөртөө нэгтгэх талаар увайгүй мэдэгдэл хийж, үг хэлэх эрх чөлөөг хүртэл боогдуулж байгааг шүүмжлэн "Энэ бол бидний мэддэг Америк биш" гэсэн лоозон барьжээ. Улмаар тэд шинэ Засгийн газрын бүрэн эрхийн хугацаа дөнгөж эхэлж байгаа ч улс орны ирээдүйд санаа зовж байгаагаа илэрхийлэн "Би дахиад дөрвөн жил тэсэж чадах эсэхээ мэдэхгүй байна. Нэг бол Америк унана, эсвэл Д.Трамп түрүүлж унах болно” гэжээ. Эсэргүүцлийн үеэр "импичмент" гэсэн бичиг барьсан нэгэн иргэн "Д.Трамп Үндсэн хуулийг уландаа гишгэж, Илон Масктай нийлэн улс орноо муухай харагдуулж байна. Украинаас нүүр буруулж, В.Путинтэй эвсэж, Канад, Мексик зэрэг олон жилийн худалдааны түншүүддээ дур зоргоор татвар ногдуулж байна" хэмээн шүүмжилжээ. Д.Трампын Засгийн газрын 100 дахь өдрийг тохиолдуулан өрнөсөн энэхүү жагсаал нь “50501” (50 муж, 50 удаагийн жагсаал, нэг хөдөлгөөн) уриан дор нийт улсын хэмжээнд болсон юм. CNN телевизийн мэдээлснээр, энэ өдөр Америк даяар дор хаяж 250 мянган иргэн жагсаалд оролцсон бөгөөд Вашингтон, Нью-Йорк, Лос Анжелес зэрэг томоохон хотод нэгэн зэрэг болсон байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.