Б.Мөнгөнзул Монголын эмэгтэй шатарчдаас анх удаа Азийн аваргын мөнгөн медалийг хүртлээ
Чихэнд чимэгтэй
2025-05-16
Арабын Нэгдсэн Эмират улсын Аль Айн хотод 10 өдөр үргэлжилж өнөөдөр өндөрлөсөн Азийн шатрын аварга шалгаруулах тэмцээнээс манай тамирчин, Олон улсын шатрын холбооны (FIDE) дэд мастер Б.Мөнгөнзул мөнгөн медаль хүртлээ. Эмэгтэй 100 шатарчнаас рэйтингээрээ 22-т бичигдсэн тэрбээр нийт есөн өрөг тоглосноос долоон оноо авсан бөгөөд ижил оноотой гурван шатарчныг коэффициентээрээ илүүрхэн ийнхүү Азийн дэд аварга болж байна. Нийт 34 орны 262 шатарчин оролцсон энэ тэмцээний эмэгтэйчүүдийн ангилалд 33 орны 100 тамирчин өрсөлдсөн бөгөөд алтан медалийг Хятадын Сүн Юүшин хүртсэн бол гуравдугаар байрт Казахстаны Ксения Балабаева оржээ. Монголын эмэгтэй 11 шатарчнаас Олон улсын мастер Б.Мөнгөнтуул 18, дэд мастер Х.Баясгалан 34, дэд мастер Ү.Үүрийнтуяа 36, З.Нарансолонго 50 дугаар байрт орсон байна. Эдүгээ 19 настай Б.Мөнгөнзул ААШТ-ий дэд байрт шалгарснаар Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхтэй болж байгаа юм. Өмнө нь Монголын эмэгтэй шатарчид ААШТ-ээс хоёр хүрэл медаль хүртэж байсан бөгөөд энэ нь манай эмэгтэй шатарчдын анхны мөнгөн медаль ажээ.
Гэрэл зургийн эх сурвалж: https://x.com/OnTheQueenside
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.