Эрдэнэт хотыг гамшигт тэсвэртэй болгох 14 сая долларын төсөл удахгүй эхэлнэ
Чихэнд чимэгтэй
2025-05-21
Европын холбоо, Европын сэргээн босголт хөгжлийн банкнаас Эрдэнэт хотод хэрэгжүүлэхээр болсон гамшигт тэсвэртэй байдлын төсөл албан ёсоор энэ сарын 28-нд эхлэх гэж байна. Хөрөнгө оруулалтын 50 хувийг Европын сэргээн босголт хөгжлийн банкаас хөнгөлөлттэй зээлээр, үлдсэн 50 хувь буюу техникийн туслалцааг Европын холбооноос буцалтгүй тусламжаар олгох уг төслийн санхүүжилтийн нийт дүн нь 14 сая ам.доллар билээ. Тэгвэл энэ хөрөнгө оруулалтаар Эрдэнэт хотын үерийн эрсдэлийн менежмент, ус хангамжийг сайжруулна. Ингэхдээ найман байршилд бүтээн байгуулалтын ажил хийх юм. Төслийн ТЭЗҮ-г Дани улсын “Sweco”, Румын улсын “BDO”, Монголын “Монконсалтинг” компаниуд хамтран боловсруулаад байна. Мөн үерийн далан байгуулах ажлын тендерт БНХАУ-ын төрийн өмчит “Хунан Индастриал Экүйпмэнт Инсталэйшн компани” шалгарчээ. Тус компани хүн амын суурьшлын дэд бүсэд борооны ус хадгалах гурав, Орхон голын хөндийд нэг, нийт дөрвөн усан сан, 12.8 км-ын урттай найман төмөр бетон суваг бүхий үерийн даланг байгуулж, үерийн хамгаалалтын сувгийн засвар үйлчилгээний тоног төхөөрөмжийг нийлүүлэх үүрэгтэй юм.
Гэрэл зургийг: еrdenet.mn
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.