images

Кэмбрижийн их сургууль Чингис хааныг судлах монгол судлаачид сар бүр 2500 паунд олгоно

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2025-05-26


    Их Британийн Кэмбрижийн их сургууль Чингис хаан судлалын чиглэлээр тэтгэлэг олгох хөтөлбөр эхлүүлснээ зарлалаа. Монголын талаас энэ хөтөлбөрийг Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Чингис хааны өв, соёлын хүрээлэн тус сургуулийн Нийгмийн антропологийн тэнхимийн "Монгол ба Өвөр Ази судлалын төв"-тэй хамтран хэрэгжүүлэх бөгөөд Монголоос Кэмбрижэд ес болон гурван сарын хугацаатай судалгаа хийх хоёр хүнд, Монголд гурван сарын хугацаатай судалгаа хийх Кэмбрижийн нэг судлаачид тус тус тэтгэлэг олгох ажээ. Ингэхдээ Кэмбрижийн их сургуульд судалгаа хийх монгол судлаачид сар бүр 2500 паунд, Монголд судалгаа хийх Кэмбрижийн судлаачид сар бүр 1000 паунд, мөн орон сууц, хоёр талын нислэгийн тийз, виз мэдүүлгийн төлбөрийг бүрэн даах юм. Хоёр тал судлаачдыг номын сан, судалгааны баазад чөлөөтэй нэвтэрч, холбогдох хурал, семинарт оролцох боломжоор хангах үүрэг хүлээнэ. Хөтөлбөрт хамрагдах хүсэлтийг ирэх сарын 24-нийг хүртэл хүлээн авч долдугаар сарын 1-нд шалгаруулах бөгөөд судалгааны ажил 10 дугаар сард эхлэх ажээ. Сонирхуулахад, Кэмбрижийн их сургууль Чингис хааны үйл хэргийн нөлөө, Монголын эзэнт гүрний 1206-1368 оны түүхийн талаар олон улсын судлаачдын хамтран бичсэн “The Cambridge History of the Mongol Empire” нэртэй хоёр боть номыг 2023 онд хэвлүүлсэн юм. Тус сургууль өнгөрсөн хугацаанд “Making the East: Chinggisid World Orders”, “The Mongol Empire” зэрэг номуудыг мөн эрхлэн хэвлүүлж байв. Түүнчлэн 2005 онд эрдэмтэн Урадын Э.Булаг Чингис хааны сэдвээрх семинарыг тус сургуульд хийснээс гадна Нийгмийн антропологийн факультетэд  2018-2021 онд “Чингис хааны түүхийн судалгаа” төслийг хувийн хандивын санхүүжилтээр хийсэн билээ. Ингэхдээ Япон, Өмнөд Солонгос, Хятад, Орос зэрэг олон орны сан хөмрөг дэх Чингис хааны тухай түүхэн эх сурвалжуудыг цуглуулж байжээ. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.