Хонконгийн нэрт жүжигчин 70 насандаа марафон гүйгч болжээ
Анд нөхдийн мэдээ
2025-05-30
Бүх хөрөнгөө буяны үйлсэд хандивлахаа зарлаж байсан Хонконгийн нэрт жүжигчин Чоу Юнь Фат 70 насандаа марафон гүйгч болжээ. Энэ явдал нь олны хайр хүндэтгэлийг хүлээж байгааг "Asia run" өчигдөр цахим хуудсандаа онцлон тэмдэглэсэн байна. Түүний гүйгчийн замнал кинонд тоглох дүрээ бэлдэхийн тулд жин хасах зорилгоор эхэлжээ. Энэ явдал нь хожим өдөр тутмын зуршил болсон гэнэ. Тэрбээр өнгөрсөн хугацаанд хэд хэдэн хагас мэргэжлийн марафонд оролцсон туршлагатай. Тухайлбал, 2023 оны хоёрдугаар сард 10 км зайд нэг цаг гурван минут 58 секундэд барианд орж, 2023 оны арван нэгдүгээр сард анхны хагас марафоноо хоёр цаг 27 минут 56 секундэд дуусгажээ. Харин 2024 оны нэгдүгээр сард болсон Хонконгийн марафонд хоёр цаг 26 минут 8 секундээр хувийн дээд амжилтаа шинэчилсэн байна. Жүжигчин Чоу ирэх жил хагас марафоны зайг хоёр цаг 15 минутад дуусгахаар зорьж байгаа бөгөөд 90 нас хүрээд бүтэн марафонд оролцож магадгүй хэмээн хошигножээ. Тэрбээр 1970-аад оны сүүлээр телевизийн салбарт анхлан гарч ирж, 1986 онд "A Better Tomorrow" кинонд тоглосноор олон улсад алдар хүндийг олж, нийт 100 гаруй кино, телевизийн цувралд тоглосон билээ. Мөн "The Killer" (1989), "Hard Boiled" (1992), "God of Gamblers" (1989) зэрэг алдартай кинонуудад тоглосон байдаг. Тэрбээр Өмнөд Солонгосын MBC телевизэд өгсөн ярилцлагадаа "Энэ мөнгө минийх биш, би зүгээр л түр хадгалж байгаа. Хүн нас барахдаа мөнгөө авч явж чадахгүй. Тиймээс үүнийг бусдад ашиглуулах нь зөв" гэж байжээ. Энэ талаар 2018 онд "Al Jazeera", "China Daily", "Sky News", "People" зэрэг олон улсын томоохон хэвлэлүүд иш татан мэдээлж, нийт хөрөнгөө буяны үйлсэд хандивлахаар төлөвлөж буйг онцолсон байдаг. Тухайн үед түүний хөрөнгө ойролцоогоор 714–723 сая ам.доллароор үнэлэгдэж байжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.