Африкийн хамгийн баян хүн хэн бэ?
Анд нөхдийн мэдээ
2025-06-02
Нигери улсын хамгийн том компани болох “Данготе” группын ерөнхийлөгч Алико Данготе Африкийн хамгийн баян хүнээр тодров. “Forbes” сэтгүүлийн мэдээлснээр А.Данготе 23.9 тэрбум долларын хөрөнгөтэй бөгөөд дэлхийд 83 дугаарт, Африкт 1 дүгээрт жагссан байна. Тус групп нь цемент, элсэн чихэр, гурил, давс зэрэг олон нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг, баруун Африкийн хамгийн том компани юм. 20 гаруй наснаасаа жижиг наймаа эрхэлж эхэлсэн А.Данготе нь амжилтаа ахиулсаар компаниа Нигерийн хамгийн хүчирхэг аж ахуйн нэгж болгож чадсан байна. Тэрбээр Египетийн Аль-Азхар их сургуульд бизнесийн удирдлагын чиглэлээр суралцаж төгсөөд эх орондоо эргэн ирж авга ахаасаа зээлсэн мөнгөөр бизнесээ эхлүүлсэн байна. Улмаар 1970-аад оны сүүлчээр цагаан будаа, элсэн чихэр, барилгын материал, цемент зэрэг өдөр тутмын хэрэгцээт бараа бүтээгдэхүүнийг импортлон дотооддоо борлуулж чамгүй их ашиг болсон бөгөөд 1990-ээд оны сүүлээр томоохон үйлдвэр байгуулан бизнесээ үйлдвэрлэл болгон өргөжүүлжээ. Түүнийг эх орныхоо эдийн засгийн хөгжилд ихээхэн хувь нэмэр оруулсан гэж үнэлдэг. “Данготе” групп тус улсын эдийн засгийн төв болох Лагос хотын захад газрын тос боловсруулах томоохон үйлдвэр байгуулж байгаа бөгөөд 2024 оноос дизель түлш, бензин үйлдвэрлэж эхэлсэн нь Нигерийн эрчим хүчний хараат бус байдалд ихээхэн хувь нэмэр болжээ. Мөн тэрбээр буяны үйлсэд асар их хөрөнгө зарцуулсан гэдэг. 2017 оны байдлаар буяны байгууллагуудад хандивласан мөнгөний хэмжээгээр Уоррен Баффэт, Билл Гэйтс, Ж.К.Роулинг, Опра Уинфри, Илон Маск нарын дараа оржээ. А.Данготе 1994 онд Нигерийн ядуурлыг бууруулах зорилгоор “Алико Данготе" санг (ADF) үүсгэн байгуулснаас хойш хүмүүнлэгийн тусламж, боловсрол, өлсгөлөнгийн эсрэг үйлсэд 1.25 тэрбум доллар хандивласан байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.