images

Хятад: 71 настай эмэгтэй бялдаржуулах урлагаар хүрэл медаль хүртэв

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2025-06-10


   70 гаруй насны хятад эмэгтэй бялдаржуулах урлагаар хичээллэж, тэмцээнд оролцон хүрэл медаль хүртжээ. Хонконгийн “South China Morning Post” сонины мэдээлснээр, 2025 оны Ухань хотын бодибилдингийн аварга шалгаруулах тэмцээнд Анхуй мужийн Мааньшань хотын иргэн, эдүгээ 71 настай Сүн Минхуй холимог төрөлд хүрэл медаль хүртсэн байна. Тэрбээр энэ тэмцээний хамгийн өндөр настай оролцогч байжээ. Тэтгэвэрт гарахаасаа өмнө Сүн гангийн үйлдвэрийн цайны газарт ажилладаг байсан бөгөөд өдөр бүрийг борви бохисхийх завгүй өнөгөрөөдөг байсан гэнэ. Харин гэртээ суух болсныхоо дараа дугуй унах, олсонд авирах, гүйх, ууланд авирах зэрэг олон төрлийн спорт оролдож, улмаар 67 настайгаасаа бялдаржуулах урлагаар хичээллэж эхэлсэн байна. Тэрбээр “Хөгшин хүн ч гэсэн булчингаа хөгжүүлж болдог юм. Нас бол юм бүхний хязгаар, хориг биш. Харин хөдөлгөөнгүй байх нь хөгшрөхийн үндэс болдог” гэжээ. Сүн овогт 2014 онд буюу 60 настайдаа “100 хүн, 10000 бээр зам” уралдаанд оролцож байв. Ингэхдээ багийнхантайгаа хамт Хятадын хамгийн зүүн цэгээс хамгийн өмнөд Саньяа арал хүртэл 6316 км замыг унадаг дугуйгаар 445 хоногийн дотор туулж, Гиннесийн дээд амжилт тогтоож байжээ. Тэрбээр шинжлэх ухаанч, системтэй дасгалын дэглэм барьдаг бөгөөд уурагаа нөхөж авахын тулд өдөр бүр 4-5 өндөгний цагаан идэж, өөх тос, давс, элсэн чихрээс татгалзаж, долоо хоногт таваас дээш удаа дасгал хийдэг гэнэ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.