Хятад: Арваад хоногтой нялх байхдаа салсан ихрүүд биенээ хэрхэн олж уулзав?
Анд нөхдийн мэдээ
2025-06-19
Эхээс мэндлээд 10 гаруйхан хоногтой байхдаа өөр өөр айлд үрчлэгдэн салж, холбоо тасарсан ихэр эгч дүүс 17 нас хүрсэн хойноо санамсаргүй байдлаар танилцаж, дотно найзууд болцгоосон байна. Хонгконгийн “South China Morning Post” сонины мэдээлснээр олон жилийн өмнө Хятадын Хэбэй мужаас үрчлэгдсэн салж одсон ихрүүд болох Хай Чао, Жан Гуоксин нар маш ховор тохиолдлоор бие биенээ олж уулзжээ. Тэдний төрсөн эцэг эх нь санхүүгийн бэрхшээлээс болж ихэр охидоо үрчлүүлсэн бөгөөд зөвхөн Хэбэй нутгийн хүнд өргүүлнэ гэсэн нөхцөл тавьж байсан аж. Хай Чаог 17 настай байх үед найз нь нэгэн дэлгүүрийн худалдагч охин өөртэй нь усны дусал шиг адилхан болохыг хэлж хамтдаа очиж харсан байна. Уг дэлгүүрт очоод өөртэй нь үнэхээр адилхан царайтай Жан Гуоксин гэх охинтой танилцжээ. Улмаар тэд дотно найзууд болж, өнгөрсөн амьдрал, ар гэрийнхээ тухай ярилцахад хоёулаа нэг өдөр төрсөн, ой хүрээгүй байхдаа яг адилхан өвчнөөр өвдөж байсан, тэрчлэн дуу хоолой, үс засалт, сонирхол зэрэг нь яг адилхан байсанд хоёул ихэд гайхсан гэдэг. Өргөж авсан аав ээжүүд нь тэднийг ихэр гэдгийг мэдэж байсан ч энэ тухай хэлээгүй бөгөөд Хай Чаогийн аав нь “Охин минь ихэр гэдгээ мэдвэл сэтгэл нь урваж магадгүй гэж болгоомжилсон” гэж учирлажээ. Нэлээд олон жил өнгөрсөн хойно аав ээжүүд нь тэднийг ихэр төрсөн эгч дүүс гэдгийг хүлээн зөвшөөрч, үнэнийг хэлсэн байна. Түүгээр ч зогсохгүй тэдний гэр ойролцоо, хүүхдүүд нь нас чацуу, нэг сургууль, ангид хуваарилагдсан байжээ. Энэ гайхам түүх хэвлэлээр гарснаас хойш тэд цахим орчинд 600 мянга гаруй дагагчтай болж алдаршсан бөгөөд саяхан хоёул биенээ олж уулзсаны 20 жилийн ойг тэмдэглэж буйгаа цахим хуудсаараа мэдээлж, "Хорвоо дэлхий уудам ч бөмбөрцөг бөөрөнхий. Бид хоёр хамт байх тавилантай байсан болохоор л учирсан хэрэг. Үлдсэн амьдралаа аз жаргалтайгаар туулна" гэсэн байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.