Японы эзэн хаан Нарүхито яагаад Ус сувгийн удирдах газарт очсон бэ?
Чихэнд чимэгтэй
2025-07-08
Монгол улсад айлчилж буй Японы эзэн хаан Нарүхито өчигдөр Улаанбаатар хотын Ус сувгийн удирдах газарт зочилжээ. Талуудын нөхөрсөг харилцааг бататгах зорилготой уг айлчлалын үеэр тэрбээр Японы ард түмний тусламжаар 2012-2014 онд хэрэгжүүлсэн Улаанбаатар хотын ус хангамжийг сайжруулахад нэн шаардлагатай байсан томоохон төслүүдийн нэгтэй танилцаж, экологи, ус хангамжийн салбар нь хоёр талын хамтын ажиллагааны чухал чиглэл гэдгийг ийнхүү биечлэн харуулсан байна. Эзэн хаан айлчлалаараа Монгол дахь хөгжлийн төсөл хөтөлбөр, хамтын ажиллагаатай танилцах нь нөхөрсөг харилцааг дэмжиж буйн илэрхийлэл гэдгийг Японы тал ч мөн онцлон тэмдэглэж байна. “Гачууртын эх үүсвэр” төсөл нь Японы Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжиж буй “Улаанбаатар хотын ус хангамжийг сайжруулах төсөл”-ийн нэг хэсэг билээ. Уг эх үүсвэрээс ус татаж буй нь Улаанбаатар хотын ундны усны хэрэгцээг урт хугацаанд хангах зорилготой бөгөөд Японы талаас энэ төсөлд 30 сая ам.долларын санхүүжилт, техникийн зөвлөх үйлчилгээ, усны технологи, экологийн үнэлгээний аргачлал зэргээр тусалсан юм. Төслийн гүйцэтгэгчээр Монголын талаас Улаанбаатар хотын Ус сувгийн удирдах газар ажилласан бол Японы талаас "Dai Nippon Construction" компани барилгын ажлыг гүйцэтгэж, "CTI Engineering International" компани техникийн зөвлөх үйлчилгээ үзүүлсэн байна. Энэ төслийн үр дүнд нийслэлийн гэр хорооллын 390 мянган иргэн, 43500 хэрэглэгчийг цэвэр усаар хангаж байгаа билээ.
Гэрэл зургийн эх сурвалж: Ерөнхийлөгчийн Тамгын газар.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.