images

Болгарын судлаачид Монгол нутаг дахь эртний бөөгийн ул мөрөөр аялжээ

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2025-07-03


   Болгарын судлаачид Монгол нутаг дахь эртний бөөгийн ул мөрийг судлахаар өнгөрөгч зургаадугаар сарын дунд үеэс сүүл хүртэл хоёр долоо хоног Монгол орноор аялжээ. Тэд нийтдээ 5000 гаруй км аялж, Улаанбаатар, Хархорин, Хөвсгөл, Ховд аймаг дахь МЭӨ 1500 оны үед холбогдох буган чулуу болон хадны сүг зургуудыг судалсан байна. Профессор Николай Овчаров, Младен Станев нарын удирдсан судалгааны баг Төв Азийн бөөгийн уламжлал, соёл, VII–IX зууны үеийн Болгарын эртний шашин шүтлэг, хоёр үндэстний түүхэн гарал үүслийн хамаарлыг судлах зорилготой байв. Тэд Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын иргэн, 85 настай бөө Балдоржтой уулзаж, 13 онгодыг дуудах бөөгийн ёслолд оролцсон нь эртний Болгарт хэрэглэгдэж байсан зан үйлтэй ижил төстэй байсныг судалгааны гол ололт хэмээн үзсэн байна. Мөн Монголын баруун хязгаар Ховд аймагт хүрч, Хойд Цэнхэрийн агуй, Чандмань Хар, Ишгэн толгой зэрэг газрыг үзсэн байна. Эдгээр газраас олдсон хадны сүг зураг дээрх ан гөрөө болон тулалдааны дүрслэлүүд нь Болгарын эртний нийслэлүүдийн хэрэм дээрх граффититэй маш төстэй байсан аж. Тэд мөн Уйгурын хаант улсын туурь болон Түрэгийн Билгэ хаан, түшмэл Күлтэгин хоёрт зориулсан тахилгын цогцолборыг судлахдаа бөөгийн зарим бэлгэдлийг олж харжээ. Энэхүү судалгааны үр дүнг Болгар болон Монголын эрдэм шинжилгээний сэтгүүлд нийтэлж, 2025–2026 онд олон улсын тал нутгийн археологийн бага хурал дээр танилцуулахаар төлөвлөсөн байна.

Гэрэл зургийг: www.bta.bg (Bulgarian News Agency)

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.